Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт баригдсан дүүргийн нэгдсэн эмнэлэг.A ба Б блок, техникийн барилга гэсэн 3 үндсэн блокоос бүрдэх, 4 давхар барилга. Төмөр бетон бүтээцтэй, 400 мм-ийн хөнгөн блокон дүүргэгч ханатай, 150мм полистирол хавтангийн тусгаарлагч дулаалгатай,
гадна фасад, барилгын дотор интерьер дезайн болон төлөвлөлт нь олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан, нийт 17,000 м2 талбайтай, түүний 3126м2 талбай нь ногоон байгууламж бөгөөд 250 орны хүчин чадалтай хэвтэн эмчлүүлэх хэсэгтэй тус эмнэлгийг Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил
хөтөлбөр-4, 4+ төслийн хүрээнд барьсан юм. Уншигч танд тус эмнэлгийн 14 онцлогыг танилцуулъя.
СХДНЭ шиг хэмжээний барилга, талбай, тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй эмнэлэг Монгол улсад 1982 оноос хойш баригдаж байгаагүй.
Галын хамгаалалтын инженерийн системийг олон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлж хийсэн. Эмнэлгийн барилгын блокоос блок руу, давхараас давхар руу, өрөөнөөс өрөө рүү гал дамжихгүй байлгах галын автомат хаалт, хөшиг, хавтангуудтай. Бохирын шугам, хуванцар хоолой, цахилгааны болон холбооны кабелууд гэх мэт инженерийн дэд бүтэц, хамар хана, давхар хоорондын хучилт зэргийг галд тэсвэртэй, тусгаарлах материалаар бүрсэн.
Өвчтөнүүдийн өрөө тасалгааны салхивч, агааржуулалт, хүчилтөрөгч, гэрэл, дулаан, зарлан мэдээлэх, сувилагч дуудах, галын аюулгүй байдлын гэх мэт эмнэлгийн барилгад ажиллаж, ашиглаж байгаа 12 төрлийн системүүдийг автоматаар удирдах Барилгын удирдлагын нэгдсэн системтэй. Энэ нь цахилгаан, ус, хүчилтөрөгчийн хангамж тасалдахад автоматаар нөөцийн хангамжийн систем рүү шилжүүлэх, барилгын шугам хоолойд гарсан гэмтлийг цаг алдалгүй илрүүлж, мэдээлэл өгөх, засвар үйлчилгээ хийх болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, өвчтөнд үзүүлэх оношилгоо, эмчилгээг тасалдуулахгүй байх боломжоор хангадаг ухаалаг систем юм.
Эмнэлгийн ханыг 3000 удаагийн угаалтыг тэсвэрлэх чадвартай, бактери үрждэггүй будгаар будсан бөгөөд рентген туяаны хамгаалалттай тусгай зориулалтын хамгаалалтын хавтан ашигласан. Эмнэлгийн шалыг цахилгаанждаггүй, бактери үрждэггүй хулдаасаар бүрсэн. Эмнэлгийн тааз нь галд шатдаггүйн дээр бактери үрждэггүй материалтай.
Эмнэлгээс гадагшилж буй бохир агаар ба гаднаас орж буй цэвэр агаартай холилдохгүй. Ингэснээр үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтнуудад халдвар дамжихаас сэргийлсэн орчин бүрдсэн. Мөн соруулж буй агаарын дулааныг дахин ашиглах эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй.
СХДНЭ-т суурилуулсан системийг зочид буудлуудад түгээмэл хэрэглэсэн байдаг. Зун, намрын халуун өдрүүдэд өрөөний цонхыг онгойлгохгүйгээр эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, тохиромжтой температурыг тохируулах, хадгалах боломжтой.
ХБНГУ-д технологийн дагуу үйлдвэрлэсэн, цавуугаар наадаг, хэт хүйтэн температурт тэсвэртэй, 30-40 жилийн баталгаат хугацаатай, мембран материалаар дээврийн бүх талбайг бүрсэн. Мөн эмнэлгийн дээврийг тохижуулсанаар үйлчлүүлэгч урт зам туулж, дээд давхаруудаас доошоо бууж, бусадтай хавьталгүйгээр амарч, салхилах боломжтой.
Хэвтэн эмчлүүлэгч бүрийн орны дээд талд хүчилтөрөгч бүхий хийн төхөөрөмжийг суурилуулсан. СХДНЭ нь хүчилтөрөгчийн системээр тоноглогдсон 250 ортой Монголын анхны дүүргийн нэгдсэн эмнэлэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автозогсоол, тэргэнцэр чөлөөтэй явах налуу хашлага, босгогүй гадна болон дотор хаалга, товгор хөтөчтэй зам, ариун цэврийн өрөө, тэргэнцэртэй хүмүүст тохирох стандартад байрласан гэрлийн унтраалга, цахилгаан шатны товчлуур, хана дагасан бариулыг давхар бүрийн хананд суурилуулсан. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн үзлэгийн орны өндрийг тэргэнцэрийн түвшинд тохируулах боломжтой.
Авто зам: 2 талаараа гэрэлтүүлэг бүхий 760 метр урт, зорчих хэсгийн өргөн 4-8 метр, Бетонон гүүр: 32 метр урт, 8 метрийн өргөнтэй төмөр, явган хүний зам зам: гүүрийн 2 талаар 1,5 метрийн өргөнтэй, гэрэлтүүлэг бүхий автозогсоол: 130 мерийн урттай 28 мерийн өргөнтэй, 7 байршилд ус зайлуулах байгууламжтай 100 автомашины зогсоолнийт 200 автомашины зогсоол, 2 талаас орох орц, гарцтай.
Эмнэлэгт тог тасарвал 5-8 секундын дараа эмнэлгийн шаардлагатай хэсгүүдийг цахилгаанаар хангах 750 кВт -ийн хүчин чадалтай, 500 литрийн түлшний савтай, цагт 80-100 литр түлш зарцуулдаг дизель генератортой. Мөн нарны эрчим хүчийг ашиглан гадна гэрэлтүүлэг болон зарим бага чадлын тоног төхөөрөмжүүдийг цахилгаанаар хангадаг нарны эрчим хүчний станц нь 36 Вт-ын чадалтай 76 ширхэг нарны панелитай бөгөөд сард 1200-1800 кВт цахилгааныг үйлдвэрлэдэг.
Ус тасарсан үед эмнэлгийн 7 хоногийн хэрэгцээг хангах хүчин чадалтай, 150 тоннын багтаажтай ус нөөцлөх савтай.
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4 +” төсөл Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Эмийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд сүүлийн бүрэлдэхүүний хүрээнд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар төслийн санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, үр ашиг хүртэгчидтэй мэдээлэл хуваалцсан юм.
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 79 тоот тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвд 8 хүний орон тоотой Эмийн зохицуулалтын алба байгуулагдсанаар дэлхийн олон орны жишгээр эмийн зохицуулалтын байгууллага байгуулах ажлын эхлэл тавигдсан билээ. Энэ ажил өнөөдөр биеллээ олж Засгийн газрын тогтоолоор батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна.
2014 онд “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн боловсруулж, УИХ-аар батлуулснаас гадна эм хангамжийн байгууллагуудын дагаж мөрдөх үндсэн шаардлага буюу эм үйлдвэрлэл, эмийн түгээлт, хадгалалтад болон эмийн санд тавих ерөнхий шаардлагын улсын стандартуудыг шинэчлэн боловсруулж Стандарт Хэмжил Зүйн Газрын Үндэсний зөвлөлөөр батлуулсан юм. ЭМСХХ-4 төслийн зөвлөхөөр шалгарсан Английн Оксфорд Менежмент, Нидерландын ХЕРА пүүс, Монголын Гэрэгэ Парнерстай хамтарсан зөвлөх багаас Вилберт Ванненберг, З.Зузаан, Патрик Хоет, И.Цацрал, Шейла Корт, Л. Тунгалаг, Кеес ван Гроотхеест, Еугене ван Пуиженброек, М.Эрдэнэтуяа нар Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх 3 дүгээр бүрэлдэхүүн хэсэгт олон улсын болон дотоодын зөвлөхөөр ажиллав.
Хүн амд аюулгүй эм хэрэглэх боломжийг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол улсын Эмийн хяналтын лабораторийг тоног төхөөрөмжөөр хангах, үйл ажиллагаа, мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх, мэдээллийн технологийг нэвтрүүлэн олон улсын түвшинд нийцүүлэхэд ач холбогдолтой зорилтыг тодорхой үр дүнд хүрч амжилттай хэрэгжүүлсэн.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Нэгдсэн төв лабораторийн барилгыг БНХАУ-ын тусламжаар барьж, 2015 онд ашиглалтанд оруулсан. Тус лабораторийн Эм биобэлдмэлийн хяналтын лабораторийг олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор ЭМСХХ-4 төслийн хүрээнд АХБ-ны санхүүжилтээр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 1 тэрбум 900 мянга гаруй төгрөгийн 51 төрлийн 118 ширхэг лабораторийн аппарат, тоног төхөөрөмжийг ханган суурилуулж, шаардлагатай урвалж бодисыг нийлүүлсэн.
Төслийн зүгээс лабораторийн техникийн ажилтнуудыг ажлын байран дээр сургах; удирдах ажилтнуудын танилцах аялалыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Эмийн үндэсний хяналтын чанарын хүрээлэнд зохион байгуулах; эм шинжлэгчдийг Энэтхэг улсын Фармакопейн комиссын лабораторид эмийн шинжилгээний нарийн багаж төхөөрөмж дээр дадлагажуулах сургалтууд, мөн эмийн лабораторийн зохистой дадал (GLP), ISO- 17025 стандартын сургалтуудыг зохион байгуулж сургалаа.
Түүнчлэн, лабораторийн олон улсын зөвлөх ажиллаж, олон улсын итгэмжлэлийн урьдчилсан үнэлгээгээр гарсан лабораторийн үл тохирлыг залруулах, лаборатори шинжээчдийн сургалтын удирдамж боловсруулах, Энэтхэг улсын эмийн хяналтын лабораторитой холбоо тогтоох, лабораторийн удирдлага мэдээллийн тогтолцооны ерөнхий шаардлагуудыг боловсруулахад зөвлөн тусалсан.
Эмийн хяналтын лабораторийн 2013-2016 оны стратеги төлөвлөгөө болон олон улсын ISO/IEC 17025:2005 стандартын магадлан итгэмжлэл авах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулан хэрэгжүүлэхэд төсөл дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Монгол улсын Эмийн хяналтын лабораторитийн ISO/IEC 17025:2005 стандартын үнэлгээг олон улсын АНУ-ын ANAB/ACLASS (American National Accreditation Body) Олон улсын итгэмжлэлийн байгууллага 2015 онд хийж 3 үе шаттайгаар амжилттай хийж гүйцэтгэжээ.
Тус лаборатори энэхүү ISO/IEC стандартын шаардлага хангасныг 2015 оны 12 дугаар сарын 18-нд ANAB (Америкийн Үндэсний Магадлан Итгэмжлэлийн Байгууллага)-ын итгэмжлэлийн газрын даргын тушаалаар ISO/IEC 17025:2005 стандартаар итгэмжлэлийн олон улсын гэрчилгээг авсанаар эмийн шинжилгээний орчин үеийн аргуудыг ашиглан Монгол улсдаа төдийгүй бүс нутгийн хэмжээнд эмийн чанарын сорил туршилт хийх цогц чадамжтай болсон аж.
Эмийн хяналтын лаборатори Монгол улсын хүн ам, эмнэлгийн байгууллагуудын хэрэгцээт чанартай, аюулгүй эмийг баталгаажуулах, эмийн зах зээлд хуурамч, стандартын бус эм нэвтрэхээс сэргийлэхэд онцгой үүрэг хүлээн ажиллаж байна.
Түүнчлэн тус лабораторид “Лабораторийн мэдээлэл, удирдлагын тогтолцоо”-г бий болгоход дэмжлэг үзүүлсэн. Төслийн хүрээнд тус лабораторит лабораторийн мэдээлэл, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд 270 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, програм хангамжийг 2016 онд ханган нийлүүлж, ашиглалтанд оруулсан байна.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийн эрхлэгч
“Манай улсын эмийн зах зээлийн 75 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Шинжлэх ухаан, техник технологи хөгжиж дэвшихийн хэрээр эмийн шинжилгээний аргууд ч мөн нарийсч сайжирч байдаг. Төслийн хүрээнд манай лаборатори Монгол улсдаа байгаагүй шинэ багаж, тоног төхөөрөмжүүдтэй болсоноор дэлхийн жишигт нийцсэн шинжилгээг хийж чаддаг болсон. Үр дүнд нь Монгол улсын иргэд баталгаатай, чанартай эм, эмийн бүтээгдэхүүнийг эргэлзэлгүй хэрэглэх боломж бүрдлээ.
Манай лаборатори үндэсний итгэмжлэлд 4 жилд нэг удаа, Америкийн Нэгдсэн улсын итгэмжлэлийн үндэсний байгууллагаар жил болгон шалгуулдаг улсдаа ганц байдаг эмийн лаборатори юм. Манай лабораторид 21 аймгаас ирүүлсэн шалтгаантай дээжүүд, дотоодын 30 гаруй эмийн үйлдвэрүүдийн шинэ бүтээгдэхүүн, чанарын хяналт, экспортод гаргах хүнсний аюулгүй байдлын шинжилгээ хийгддэг. Тиймээс, бидний чадавхи сайжрах нь энэ бүгдэд дэвшил авч ирж байгаа хэрэг”
Эмийн үндэсний бодлого, үйл ажиллагааны үндсэн стандартууд (GMP, GDP, GPP)-ыг шинэчлэн батлуулж, эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP) стандартын шаардлагын түвшинг дээшлүүлж, үндэсний эм үйлдвэрлэгчид уг стандартын шаардлагыг хангахад туслалцаа үзүүлсэний үр дүнд 2021 оны байдлаар эмийн 7 үйлдвэр GMP батламжаа авч, үндэсний эм үйлдвэрлэгчид эм үйлдвэрлэлийн зохистой дадал хэрэгжүүлж эхэлсэн.
“Бид 2019 онд эмийн үйлдвэрийн GMP-ийн шаардлагыг хангаж гэрчилгээ авсан. Цаашлаад, олон улсын GMP-ийн шаардлага хангах хүсэлтэй ажиллаж байна. Төслийн хүрээнд GMP-ийн шаардлагыг хангаснаар, нэгдүгээрт, манай хүний нөөцийн мэргэжил, мэдлэг сайжирч, улмаар эмийн бүтээгдэхүүний нэр төрөл олширч, бүтээгдэхүүний чанар сайжирсан.
Энэ бүхний эцэст, бид экспортод бүтээгдэхүүнээ гаргах зорилготой”.
“Бид олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг экспортын компани болох зорилго тавин ажилладаг бөгөөд ингэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагуудаар батламжлуулахад чанарын удирдлагын тогтолцоо, эм үйлдвэрлэлийн зохистой дадал, GMP стандартууд маш сайн хөрс суурь болж өгч байна. Одоогоор бид Канадад төвтэй Паск гэдэг байгууллагаар чанарын удирдлагын тогтолцоогоо итгэмжлүүллээ. Тун удахгүй лаборатори болон эмийн үйлдвэрээ олон улсын GMP шаардлага хангасан үйлдвэр болгохоор зорин ажиллаж байна.
Монгол улс нийт эмийнхээ 80-85 хувийг гадаадаас авдаг. Дотоодын эмийн үйлдвэрүүд GMP шаардлага хангана гэдэг нь гадаадын нэртэй пүүсүүдтэй яг адилхан орчин нөхцөлд, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж байна гэсэн үг. Хэдий олон эмийн үйлдвэр энэ шаардлагыг хангана төдийчинээ Монгол хэрэглэгчдэд хэрэгтэй”.
“Манай эмийн үйлдвэр 2007, 2014, 2017 онуудад үе шаттайгаар олон улсын GMP шаардлагад нийцүүлэн барилга байгууламжийг барихаас гадна дэд бүтцийн ажлуудыг хийсээр ирсэн. Мөн хүмүүсээ сургаж Үйлдвэрийн баталгаажилтын албыг тусад нь байгуулж, зохион байгуулалтын шинэ бүтэц бий болгосон. Мөн төслийн хүрээнд бид Эмийн хөгжүүлэлтийн албыг тусад нь байгуулж шинээр олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон. Түүнчлэн, боловсон хүчнээ хангалттай хэмжээнд сургаж дадлагажуулсан. Одоогоор манайх 40 гаруй эмийг Монголдоо үйлдвэрлэж байна”.
Төслийн хүрээнд үндэсний хэмжээнд эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх гол хэрэгсэл болох эмийн зах зээлийн дараах тандалт, фармаковижилансын үйл ажиллагаа, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.
Фармаковижилансын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд үнэлэн тулгарч буй саад бэрхшээлийг илрүүлж, хариу арга хэмжээний тогтолцоог тодорхойлж улмаар залруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг 2019 оны 9 дүгээр сард хийсэн.
Сургалтын хэрэгцээг үнэлж, түүний үр дүнд тулгуурлан эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгүүдийн Эмийн эмчилгээний хорооны гишүүдэд зориулан фармаковижилансын сургалтын хөтөлбөр, гарын авлага материалуудыг боловсруулсан. Монгол Улсад анх удаа “Эмийн гаж нөлөөний менежментийн гарын авлага”-ыг боловсруулж, нийслэлийн лавлагаа шатлалын 23 эрүүл мэндийн байгууллагын “Эмийн эмчилгээний хороо”-ны гишүүд, ЭМЯ-ны мэргэжилтнүүд, МХЕГ-ын байцаагч, Хүний эмийн зөвлөлийн гишүүд зэрэг 50 гаруй мэргэжилтнүүдэд өгсөн.
Фармаковижилансын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 2013-2014 онд Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий, Дорноговь Дорнод, Төв, Сүхбаатар аймгуудын эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгуулав. Түүнчлэн бүртгэлтэй эмийн гаж нөлөөг тогтмол бүртгэн, аюулгүй байдлын тайланг тогтмол шинэчлэн гаргах тухай сургалтуудыг зохион байгуулсан. Эм ханган нийлүүлэх байгууллага, эм үйлдвэрлэгчдэд зориулсан “Эмийн аюулгүй байдлын мэдээллийн тайлангийн гарын авлага”-ыг боловсруулж, эм үйлдвэрлэл, бөөний худалдааны салбарт ажиллаж буй 135 эм зүйч нарт сургалт зохион байгууллаа.
Төслийн бас нэг чухал зорилт нь ДЭМБ-ын Эмийн хяналтын төв (WHO Uppsa¬la Drug Monitoring Centre)-ийн гишүүнчлэлийг ханган, бүрэн оролцоог бий болгох байв. Төсөл эмийн гаж нөлөөг мэдээлэх “Vigiflow-first” системийн сургалтыг эхлээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эрүүл мэндийн газрын Эмийн зохицуулалтын хэлтсийн ажилтнуудад, улмаар ЭМЯ-ны холбогдох газар хэлтэс, Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн Эмийн зохицуулалтын албаны ажилтнуудад танилцуулах ажлыг хийв. 2013 онд Дэлхийн эмийн гаж нөлөөг бүртгэх санд 20 эмийн гаж нөлөөний тайланг оруулснаар Шведийн Уппсала хот дахь ДЭМБ- ын Эмийн гаж нөлөөний хяналтийн төвийн бүрэн гишүүнчлэлийг авсан. Фармаковижилансын сургалт болон Эмийн гаж нөлөөний тайлагналтын гарын авлагууд хэвлэгдэн тараагдаж, хэрэглэгдсэний үр дүнд эмийн гаж нөлөөг мэдээлэх тоо 4 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн, ЭМХТ-ийн Эмийн зохицуулалтын албанаас улсын болон хувийн хэвшлийн 20 эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээлэх байдалд хариу зөвлөмж өгөх, эмийн бөөний болон жижиглэн худалдааны байгууллагуудад хариу захиаг илгээх явдал нэмэгдсэн зэрэг нь эмийн гаж нөлөөнөөс шалтгаалах сөрөг үр дагавраас сэргийлэхэд онц ач холбогдолтой ажлууд болсон.
ЭМЯ-нд эмийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд эм зүйн салбар дахь ил тод байдлын үнэлгээг ДЭМБ-ын Эмийн сайн засаглалын хөтөлбөрийн дагуу хийж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон “Эм эмнэлгийн хэрэгслийн хууль”-ийн шинэчилсэн найруулгад тусгаж өгсөн.
Тусгай зөвшөөрөл бүхий эм хангамжийн байгууллагууд, эм зүйн салбарын хүний нөөц, улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмийн гаж нөлөө, зохистой хэрэглээ, эмийн чанартай холбоотой мэдээллүүдийг багтаасан “Эм зүйн салбарын үзүүлэлт”-ийг жил бүр хэвлэн гаргадаг болсон. Түүнчлэн эмийн бүртгэл мэдээллийн LICEMED онлайн программыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
Төслийн энэ бүрэлдэхүүний хүрээнд эмийн зохицуулалт, эмийн хяналт, эм үйлдвэрлэлийн зохистой дадал болон эмийн зах зээлийн дараах танадалт, эмийн бүртгэл мэдээлэл, салбарын эмийн аюулгүй байдлын засаглалын чиглэлээр нийт 23 удаагийн сургалт, семинараар 1300 гаруй мэргэжилтнүүдийг сургалаа.
Гадаад улсад эмийн аюулгүй байдал, эмийн зохицуулалт, эмийн лабораторийн удирдлага, эмийн хяналтын лабораторийн дүн шинжилгээ сэдвээр 4 удаагийн танилцах аялалыг 2014 онд Филиппин ба Вьетнамд, 2015 онд Малайз ба Энэтхэгт зохион байгуулан, нийт 42 мэргэжилтнийг хамруулжээ. Мөн 2014 онд монголын эм үйлдвэрлэл, эм хангамжийн байгууллагуудаар зочлох, дотоодын танилцах аялалд 20 мэргэжилтнийг хамруулав.
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4 +” төсөл Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Эмийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд 2 дугаар бүрэлдэхүүүн хэсгийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын удирдлага зохион байгуулалтын эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр дараах ажлууд хийгджээ.
2016 онд Эрүүл мэндийн хуулийн 25.12, 25.13 болон 25.16 заалтуудад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалттай холбогдсон үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт болон санхүүжилтийн механизм, резидентын хөтөлбөрийн тэтгэлэг олгох асуудлыг, Эмнэлгийн тусламжийн хуулийн 22.1.7, 22.1.8, 22.2 болон 22.3 дугаар заалтаар резидент эмчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үзлэг, шинжилгээ, ажиллах үлгэрчилсэн журмын талаарх зохицуулалтыг нэмэлтээр тусгайлан оруулж өгсөн байдаг.
Түүнчлэн, төгсөлтийн дараах сургалтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, ЭМЯ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд төгсөлтийн дараах “Эмнэл зүйн мэргэшүүлэх сургалт эмнэлгийн мэргэжилтний тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн тогтолцоо” сэдэвт танилцах аялалыг 2014 онд Швейцар улсад зохион байгуулж, ЭМЯ, БСШУЯ, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМШУИС, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, сургалтын эмнэлэг, ТХН гэсэн нийт 9 байгууллагын төлөөлөл болох нийт 15 хүнийг хамруулжээ.
Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд дотор, хүүхэд, ерөнхий мэс засал, эх барих эмэгтэйчүүд гэсэн үндсэн 4 мэргэшлийн резидентурын сургалтын хөтөлбөрийг сайжруулан, холбогдох байгууллагаар хэлэлцүүлж, Эрүүл мэндийн сайдын 2016 оны A/172 тушаалаар АШУҮИС дээр 2017 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн хугацаатай туршсан юм.
ЭМСХХ 4, 4+ төслийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, АХБ-ны төлөөллүүд оролцсон ажлын хэсэг гарч, 2017 оны 01 сард 18 эмчээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгуур хангасан СХДНЭ-т ажиллах 12 эмчийг сонгож 3 талт гэрээ байгуулан, үндсэн мэргэжлийн 3 жилийн хөтөлбөрт тусгайлан бэлтгэж мэргэшүүллээ.
Хөтөлбөрийн шинэчлэл дээр багагүй туршилт хийсэн бөгөөд 2 жилийн хугацаатай үргэлжилдэг резидентын сургалтын онолын хичээлүүдийг нэмж, түүнчлэн эмч нарын гардан үйлдэлийн ур чадвар, практик дадлагыг нэмэгдүүлж, хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай болгож туршсан юм. Улмаар, 2 жилийн хугацаатай суралцаж байгаа 12 болон 3 жилийн хөтөлбөрөөр суралцаж байгаа 12, нийт 24 эмчийг хамруулсан сургалтын 2 хөтөлбөрийн харьцуулсан судалгааг явуулсан. Мэс заслын хөтөлбөрийн хувьд, 3 жилийн хөтөлбөрийн гол онцлог нь суралцаж байгаа эмч нар осол гэмтлийн үед үзүүлэх лавшруулсан тусламжийн олон улсын гэрчилгээтэй сургалтыг давхар дүүргэсэн. Нөгөө талаар бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд олонтаа ирдэг гол тохиолдлуудаар, тухайлбал цөсний, мухар олгойн үрэвсэл дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшиж төгссөн.
Үүгээрээ, 2 жилийн хөтөлбөрөөс ялгаатай. Эх барих эмэгтэйчүүд гэхэд, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмчийн удирдлага дор бие даан ажиллаж тэнд нэг хамт олон болж тухайн тасагт урт хугацаагаар ажилласны үр дүнд ур чадвараа хөгжүүлэхэд түлхүү анхаарч, суралцаж чадсан.
Түүнчлэн, төслийн хүрээнд АШУҮИС болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зохион байгуулсан үндсэн мэргэшлийн сургалтаар нийт 37 их эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтаар 11 их эмч, сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн сургалтаар 43 сувилагч, мөн 50 туслах сувилагч бэлтгэсэн байна.
Анагаах ухааны чиглэлээр дээд боловсролын үйлчилгээ үзүүлдэг сургалтын байгууллагын хувьд сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд дүн шинжилгээ хийн, улам боловсронгуй болгох зорилгоор үнэлгээг хийсэн бөгөөд 2 жилийн хөтөлбөрийг 3 болгож уртасгасан болон сургалтыг цалинтай болгосонд суралцагсдын сэтгэл ханамж эерэг байжээ. Мөн төгсөлтийн онолын болон гүйцэтгэлийн дадлага шалгалтанд 3 жилийн хөтөлбөрөөр суралцан төгссөн суралцагчдын
“А” үнэлгээний эзлэх хувь өндөр байсан ба хөтөлбөрийн агуулгын хувьд дотрын анагаах судлал, эх барих эмэгтэйчүүд судлал, мэс засал судлал, хүүхэд судлал чиглэлээр нарийн мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлж байгаа үндсэн мэргэшлийн сургалтын 3 жилийн хөтөлбөр нь илүү өргөн хүрээнд, орчин үед шаардлагатай эмнэлзүйн гардан үйлдлийн болон багийн ажиллагаа, ёс зүй, хандлага, харилцааны ур чадвар зэрэг хөрвөх ур чадварыг эзэмшүүлж байна гэсэн үр дүн гарсан байна.
Мөн төслийн хүрээнд, сургалттай уялдуулан суралцагч нарт хэрэгтэй ур чадварыг нь эзэмшүүлэхэд туслах олон улсад ашигладаг гарын авлагуудыг нь бэлтгэж өгсөн. Тухайлбал, олон улсад хэрэглэгддэг хүүхдийн анагаахын Оксфордын гарын авлагыг сургалтад оролцож байгаа эмч, багш нарт зориулан орчуулж, хэвлэж гаргажээ.
Үүнтэй адилаар, эх барих эмэгтэйчүүд судлалын Жон Хопкинсийн гарын авлага, мөн амбулаторийн, дотрын, анагаах ухааны Вашингтоны гарын авлага гээд олон улсад резидентын сургалтад хэрэглэгддэг гарын авлагуудыг АХБ-ны “ЭМСХХ-4” төслийн санхүүжилтээр орчуулж, хэвлэжээ. Эдгээр номуудыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан болон аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын номын санд тарааж, эмч эмнэлгийн ажилтан, багш оюутнууд ашиглаж байна.
Түүнчлэн Ковид19, SARS зэрэг амьсгалын замын хурц, хүнд хэлбэрийн халдвар, уушигны хатгалгааны оношлогоо, эмчилгээ, сэхээн амьдруулах лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудад маш хэрэгтэй Вашингтоны Их сургуулийн “Амьсгалын эрхтэний эмгэг судлал-Төрөлжсөн нарийн мэргэжлийн зөвлөгөө” гарын авлагыг орчуулж, 1500 ширхэг хэвлүүлэн тараалаа.
ЭМСХХ Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.МӨНХТАЙВАН, ЭМСХХ-4, 4+ төслийн дэд зохицуулагч Н.ОЮУНБИЛЭГ нар орчуулж хэвлэсэн номнуудыг тухайн үеийн ЭМЯ-ны сайдад гардуулж байна.
Нэмж хэлэхэд, шинэ эмнэлгийн шинэ боловсон хүчнийг бэлтгэж байгаа учраас төслийн хүрээнд эмнэлгийн удирдлагын чиглэлийн сургалтуудыг 2 удаа явуулсан. Нийтдээ 50 гаруй эмнэлгийн удирдах ажилтнууд, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон сургалтууд үр дүнтэй болсон. Эхлээд нүүр тулсан, танхимын хичээлд хамрагдаад дараа нь эмнэлэг дээрээ очиж, олж авсан онолын мэдлэгээ туршаад, түүний дараа нь дахин танхимын сургалтанд сууж, үлдсэн хичээлүүдээ үзэж дуусгасан. Ийм холимог байдлаар туршлага, онол хосолсон сургалт явуулсан нь суралцагчдад үр дүнгээ өгсөн. Энэ ажлыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрүүл мэндийн бодлого менежментийн тэнхим Удирдлагын академи, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан нь хүртээмж, үр дүнг нэмэгдүүлсэн байна.
Монгол улсын Засгийн Газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр 2011-2021 оны хооронд хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 4+ төсөл амжилттай хэрэгжиж дуусчээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт АХБ-наас хэрэгжүүлсэн салбарыг хөгжүүлэх өмнөх төслүүдийн үргэлжлэл болох тус төсөл нь эрүүл мэндийн салбарын үр өгөөжийг дээшлүүлэн, эмнэлгийн засаглал, бие даасан байдал болон эмийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой. Мөн Монгол улсын Засгийн газар анх удаа, 2005 онд 10 жилийн хугацаатай боловсруулж, баталсан эрүүл мэндийн салбарыг шинэчилэн, сайжруулах арга хэмжээнүүдийг тусгасан “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг бүрэн утгаар нь дэмжсэн ЭМСХХ-4, 4+ төслийн үйл ажиллагаа нэгд, Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, хоёрт, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, гуравт, эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжсэн бөгөөд тус тусын дараах зорилтуудтай байжээ.
Тус төсөл яагаад хэрэгжих шаардлагатай байсан, ямар замналыг туулсан тухай мэдэхийг хүсвэл та номны дижитал хувилбарыг энд дарж татаж авна уу.
Монгол улсын Засгийн Газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр 2011-2021 оны хооронд хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 4+ төсөл амжилттай хэрэгжиж дуусчээ. Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжсэн тус төслийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцахыг хүсвэл дараах видеог үзээрэй.